Хүн бүр бидний амьдралд утга учиртай орж ирдэг. Зарим нь өдрүүдийг минь үл мэдэх дулаахан гэрлээрээ гийгүүлэх гэж харин зарим нь надад байгаа тэр гэрлийг сорох гэж ирдэг юм шиг. Аль нь ч байсан тэд бүгд надад үнэ цэнэтэй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Хүмүүс ирж л байдаг явж л байдаг. Зарим нь ирээд өгөөд явдаг бол нэг хэсэг нь ирээд аваад явдаг.
Өгөөд, өгснөө өгсөн гэж бодохгүй яваад өгдгийг нь би дэндүү сайн мэднэ. Тэд хэзээ ч хариу нэхдэггүй, өгөөд л өгөөд л байдаг. Дэндүү гэмээр тийм нэг дулаахан зүйлээр бүхэл биеийг минь хуччихаад бие сэтгэл минь хангалттай дулаацчихжээ гэж үзвэл, түүнгүйгээр болноо гэж харвал тэгээд л юу ч хүсэхгүй яваад өгдөг. Өгснийхөө хариуг, өр төлөөсийг нь хэзээ ч асуудаггүй, бүр дурсдагч үгүй. Тэднээс яаж тийм сэтгэл гардгийг, гэрэл цацардгийг дулаан ялгардгийг би бодоод олдоггүй. Тийм нэг үнэ цэнэтэй хүмүүс эргэн тойронд минь хуруу дарам цөөхөн байх хэрнээ бүхий л амьдралын хором мөчийг минь гийгүүлж чадах юм.
Харин ирээд аваад явдаг хүмүүс од шиг олон юм. Тэднийг явуулахыг хүсэх хүсэхгүй нь надаас үл хамаарна. Учир нь тэд хэзээ явахаа зөвхөн өөрсдөө л шийддэг. Тэд зөвхөн өөрийн юу хүссэнээ л хийдэг, чиний хүсэл, зориг,чин сэтгэл тэдэнд дуслын төдий хамаагүй. Танихад дэндүү хэцүү, мэдэхэд дэндүү бэрх. Сэтгэл дээр дэвсэлж, зүрх зүсчихээд юу ч болоогүй юм шиг эргэж хараад инээмсэглээд оддог. Эсвэл явахгүй хэрнээ сэтгэлийг минь там болгоод өөрийнхөө бахыг хангаад зүрхээ баясгаад ажаад суух нь ч бий. Надаас өөрсддөө хамгийн хэрэгтэй гэснээ хэрэгтэй мөчид хайр найргүй авдаг, зарим нь бүр хэзээ ч хандаггүй. Аваад л аваад л...Дулаанаас минь уйдахаараа эсвэл илүү тод гэрлийг мэдрэхийг хүсэх үедээ харин холдчихдог. Сүүдрээ ч үлдээхгүйгээр... Авах л ёстой тэгэх л учиртай байсан юм шиг.
Ийм нэгэн хүмүүн яагаад тийм болчихдог юм болоо гэж байнга бодох ч би үзэн яддаггүй шаналлаа ч голдоо ортол гомддоггүй. Үнэ цэнэтэй амьдралын минь хэлтэрхийг нь тэд бүрдүүлдэг болохоор тэд ч үнэ цэнэтэй. Энэ хэлтэрхий од шиг олон гарч ирдэг шигээ од шиг олон зүйлийг өөрт минь ойлгуулаад харавчихдаг учир. Ахиад нэг авагч гарч ирэхэд юугаа өөртөө үлдээх ёстойг ойлгуулдаг учир.
Эцэст нь би өгсөөр л байхаар шийдэв. Миний гэрэл чамд утга учиртай байж чадвал чиний надад өгөх дулаан болог .Тэр гэрлийг бүрхэхгүй, бүтээхгүй, харьцуулахгүй байвал энэ нь надад жаргал болог. Яг л амьдралд ирээд бүхий л сайхнаа инээмсэглэж өгчихөөд явдаг хүмүүс шиг. Эргээд хариу нэхэхгүй, ам асуухгүй, бүр дурсахчгүй....